Search This Blog

Wednesday, October 13, 2010

Чоно Эдийн Засаг, Орчуулга

Чоно Эдийн Засаг

Өнгөрсөн сард би өөрийн хань Уянгаагийн хамт Тянжин хотноо зохиогдсон WEF (Дэлхийн Эдийн Засгийн Форум)-ын Шинэ Аваргуудын чуулга уулзалтад оролцсон юм. Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader) болохынхоо хувьд би өнгөрсөн жилээс хойш Давостой холбоотой үйл ажиллагаануудад оролцож ирсэн бөгөөд энэ шугамаар Сөүл, Далян, Дубай, Давос болон Клостерс зэрэг урьд өмнө очиж үзээгүй газруудад хөл тавьсны сацуу олон орны эрдэм боловсролтой, гэгээлэг хүмүүстэй уулзах боломж тохиосон билээ. Залуу Манлайлагчдын бусад цагаан захтнуудаас (сэхээтнүүдээс) ялгагдах гол зүйл нь тэд нийгэмдээ хувь нэмэр оруулах, бусдаас туршлага судлах чин хүсэл эрмэлзэлтэй, ихийг хийж бүтээх чадвартай чөлөөт сэтгэгчид байдгаар нь би ихэд бахархдаг. Гагцхүү би WEF болон YGL-ийн тухай тусад нь дараа яриа хүүрнэе гэж бодож байгаа.

Харин энд би 9 сарын 13-нд Хятадын англи хэл дээр гардаг хамгийн том өдөр тутмын хэвлэл болох China Daily дээр Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн Экспо-ны үеэр Монголын өдрийг тэмдэглэсэн талаарх нийтлэл гарсныг олж харсан тухайгаа өгүүлэх гэсэн юм.

Энэхүү өдөрлөг нь миний хувьд, Монголчуудын маань хувьд яагаад тийм өндөр ач холбогдолтой байв аа? Учир юун гэвэл Хятадын эдийн засаг, улс төрийн хувьд хамгийн чухал долоо хоногийн дундуур Монголын тухай томоохон хэмжээний нийтлэл China Daily дээр хэвлэгдсэн юм. Хятад улсад Зуны Давос буюу Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт, Дэлхийн Банкны захирал Зоёликийн албан ёсны айлчлал, Билл Гэйтс болон Уоррэн Баффетийн хүмүүнлэгийн оройн зоог зэрэг үйл явдлууд нэгэн зэрэг тохиосон тул дэлхий нийтийн анхаарал Хятад руу чиглэсэн тийм л цаг үед Монголын тухай нийтлэл хэвлэгдсэнд би олзуурхсан юм.

Харин миний хувьд дээрх нийтлэлийн гарчигийг Азийн Чоно боломжийг тас зуув гэж нэрлэсэн нь түүнээс ч багагүй ач холбогдолтой чухал зүйл болсон юм. Би энэ нэр томъёог өнгөрсөн 12 дугаар сард өөрийн найз Renaissance Capital-ын Роланд Нэшд Монголын Хөрөнгө Оруулалтын Тайланг бичихэд нь тусалж гаргаж ирсэн бөгөөд энэ тайлан нь уг чиглэлээр бичигдсэн хамгийн анхных нь байсан тул олон нийтийн анхаарлыг ихээр татсан билээ. Уг нэр томъёог Ivanhoe Mines-ийн ерөнхий захирал Роберт Фридланд Хонгконг, Москва хотуудад зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдын уулзалтууд дээр тавьсан өөрийн илтгэлүүддээ хэрэглэсэн юм (Би Москвад зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдын уулзалтад түүнтэй хамт оролцож, ярилцах боломж олдсон юм). Энэ дашрамд хэлэхэд би Роберт Фрийдландыг дэлхий дахинаа Монголыг маш сайн төлөөлж, сурталчилж байгаа хүн юм гэж боддогоо нуух юун.

IMF-ийн (Олон Улсын Валютын Сан) тооцоолсноор ирэх таван жилд Монголын эдийн засаг алт, зэс, нүүрс зэрэг стратегийн ач холбогдол бүхий уурхайнуудаа хөгжүүлснээр асар хурдацтай өсөх бөгөөд Хятад, Туркменистан, Энэтхэг, Гана зэрэг бусад хөгжиж буй орнуудыг ардаа хаях ажээ. Энэхүү өсөлт нь Хятадын эдийн засгийн (Луу эдийн засгийн) хурдацтай өсөлт, түүнийг дагасан аж үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн эрэлт хэрэгцээний өсөлттэй нь нягт холбоотой юм.

Яагаад Бар бус харин Чоно гэж зарим нь гайхшрана. Монголчууд бид өөрсдийгөө өнөөг хүртэл Бөртэ Чоно, Гоо Маралаас гарал үүсэлтэй хэмээн итгэж ирсэн бөгөөд хорвоод мэндлэхдээ ч дэлхий дахинаа англи хэлээр “Монгол толбо” хэмээн алдаршсан хөх толботой төрдөг. Монголчууд чоныг дээдэлсээр ирсэн бөгөөд чоныг тэнгэрлиг амьтан хэмээн шүтдэг. Монголын хаад ч Хөх Тэнгэрээс заяатай төрдөг байсан юм. Их Эзэн Чингис хааны удирдлаган дор Монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан билээ. Иймээс Чонын дайчин, эрэмгий, тэнгэрлиг зан чанар ойрын жилүүдэд Монголын эдийн засгийн төлөв байдлыг зөв илэрхийлэх болов уу.

Бид өөрсдийн шинэ эдийн засгаа 1997 оны Азийн эдийн засгийн хямрал болон өнгөрсөн дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралын үр дүнд төлөвшсөн Шинэ Бодит Амьдрал дээр тулгуурлан хөгжүүлэх хүсэлтэй байна. Бид Барууны эдийн засгийн загвараас суралцаж, Ойрхи Дорнодын эдийн засгаас туршлагажиж, Азийн Бар улсуудын түүхээс санаа авч өөрсдийн эдийн засгийн загвараа боловсруулах шаардлагатай юм. Энэ нийгэм нь хувь хүний хөгжлийг нэн тэргүүний зорилгоо болгон ард иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгийн чухалд тооцох ёстой. Ард иргэд нь оюунлаг, чөлөөт сонголт хийх чадвартай, засаг төр нь бизнесийн хүрээн дэх эрх тэгш оролцоог хангасан, ойрын болон холын хөрш, түнш улсуудтайгаа найрсаг, харилцаатай, улс төрийн тогтвортой тогтолцоотой байх болно. Хууль ёсыг дээдлэн сахихын сацуу өөрийн нүүдэлчин ёс заншил, уламжлалт онцлог талуудыг хадгалсан улс ард байх болно. Энд залуу, эрэлхэг хүн бүр хүрэлцэн ирж ажил, амьдралаа зохиож болно...

Монголд чоно олноороо амьдардаг. Бид тэднийг шүтэн дээдлэхийн сацуу чонын ан авд мордох нь бий. Олон зуун жилийн туршид Монголчуудын амьдралын энгийн хэв маяг нь чоно, хүн хоёр ба хоёр хүмүүний хоорондох газар нутаг, эрх мэдлийн тулаан дунд үргэлжилсээр иржээ. Хятадын зохиолч Жианг Ронг “Чонын Сүлд” номондоо Монголчуудын дайтах арга барил, тактик нь чонын сүргээс санаа авсан тухай нарийвчлан дүрсэлсэн байдаг. Монголчууд чоныг “Ижил заяатайд нь харагдаж, илүү заяатайд нь агнагддаг хэмээн хүндлэн биширсээр ирсэн. Гэхдээ энэ сайхан уламжлал өнөөгийн цаг үед алдагдсаар, зарим тохиолдолд бүр гутамшиг болж байгааг нуух юун...

Чоно нь Монголын хээр тал, эгц хад асга, гүн ой шугуйг ажралгүй давж, зохицон амьдардаг араатан амьтан юм. Тэд зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг хатуу ширүүн уур амьсгалтай Монголын тэгш өндөрлөгт амьдарч, өсч үржин өдийг хүрсэн билээ. Тэд дасан зохицож, даван туулж чаддаг гайхамшигтай тэмцэгчид юм. Цаг нь болохоор тэд сүргээрээ цуглаж, зорьсон ангаа хамтын хүчээр барьдаг...

Энэ өдрүүдэд хөрөнгө оруулагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо шил даран чуулж байна. Монгол Улс яваандаа Евразийн эдийн засагт байр сууриа тогтоосон хүчирхэг Алфа Чоно болох нь гарцаагүй юм. Тиймээс ч би ирээдүйд Монголын Чоно өөрийн сүр хүчин дор сүрэг чоныг араасаа дагуулна гэдэгт итгэлтэй байна.

Анатоль Франс нэгэнтээ “Агуу зүйлд хүрэхийн тулд бид ажиллаад зогсохгүй мөрөөдөх хэрэгтэй. Төлөвлөхийн хажуугаар итгэх шаардлагатай” хэмээсэн байдаг. Би Монголд сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ, сайн цаг айсуй. Бид хүчээ нэгтгэж ажиллах л хэрэгтэй байна...

Эцсийн эцэст, Монгол нутагт маань бар амьдарч тэсэхгүй биз дээ?


Хутагт овогтой Чулууны Ганхуяг

Орчуулсан Пагмасүрэн

Хянасан Эрхэмбаяр, Чинзориг, Ганхуяг

No comments:

Post a Comment