Би доорх үгээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Санал бодлоо нэмэрлэж, сэтгэгдлээ хэлнэ үү?
Эх Орныхоо жинхэнэ эзэн нь байцгаaя!
Зочноор уригдан оролцож байгаадаа баяртай байна. Энэ цуврал лекцийг зохион байгуулж байгаа “Монгол тэмүүлэл”-ийнхний зүгээс эх орны сэдвээр, эх орондоо хайртай байх талаар, эх орныхоо хүү охин нь байх талаар ярьж өгөөч гэж надаас хүссэн. Сонгогдоод та бүхний өмнө, “Боловсрол суваг” телевизийн үзэгчдийн өмнө санал бодлоо хуваалцаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Нөгөө талаас, энэ явдал миний хийж бүтээсэн, хэлж ярьсан зарим нэг зүйл зарим хүнд хүрдэг байж магадгүй юм болов уу гэсэн ойлголт төрүүлж байна.
Өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Чулууны Ганхуяг гэдэг. “Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эхнэр, 4 хүүгийнхээ хамт амьдардаг. 35 настай. 1991 онд тусгай дунд 23-р сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгссөн жилдээ Монголын хөрөнгийн биржийн анхны ажилчдын элсэлтэнд багтаж, брокер дилерийн курс төгсч, биржийн хянан шалгагчаар ажилласан юм. 17 настайдаа ийнхүү хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Цаашаа сурах сонголт надад мэдээж байсаан. Тухайн цаг үе арай өөр байлаа. Хөрөнгийн бирж дөнгөж байгуулагдаж байлаа. Цоо шинэ байгуулагдаж байгаа газар орж ажиллах нь надад илүү сонирхолтой санагдсан юм. Тиймээс гарсан боломжийг ашигласан. Хоёр жил ажиллачихаад би шийдвэрээ өөрчилсөн. Ер нь их сургуульд сурах хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн л дээ. Ингээд Унгарын Будапешт хот дахь Эдийн засгийн их сургуульд суралцахаар явж, англи хэлээр дүүргэсэн. Эцэг эхийнхээ буянаар дээд боловсрол эзэмшиж, гадаад хэл сураад, сайхан ажил, хамт олонтой болоод 1997 онд Монголдоо ирэхэд дахин нэг сонголт хийх шаардлага гарсан. Ямар ажил хийх вэ гэдэг. Ямар ч зүйл мөнх бус. Эцэг эх маань ч гэсэн биднийг тодорхой хугацаанд асарч өсгөөд нэг юм хүлээдэг. Ийм хүлээлт ямагт байдаг. Өөрөөр хэлбэл, бид буцааж өгч эхлэх хэрэгтэй болдог.
Монголын төв банк болох Монголбанкинд ажиллах завшаан, азтай тохиол надад бас таарсан. Энэ үеэс хойш өнөөг хүртэл банк санхүүгийн салбараас хөндийрч чадаагүй явна. Би сүүлийн 10 жилд банк санхүүгийн салбарт хамгийн залуу захирал гэж нэрлэгдсээр ирлээ. Яг өнөөдөр арилжааны 16 банк ажиллаж байгаа ч энэ хэвээрээ л яваад байгаа. Бахархалтай ч гэсэн залуу байх зарим талаараа бэрхшээлүүдийг авчирдаг. Харин энэ үед гутарч юм уу санаа сэтгэлээр унаж болохгүй. Нас гэдэг бол хүний зүгээр нэг үзүүлэлт шүү дээ. Хүн өөрөө хийж хэр чадаж байгаагаараа, хэр далайцтай бас нээлттэй сэтгэж чадаж байгаагаараа, асуудалд хэр олон талаас нь бодитой хандаж байгаагаараа үнэлүүлж байх ёстой. Ингэснээр хийе бүтээе, эцсийг нь харъя гэсэн төслөө хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр бид аль болох алсыг харсан зөв шийдвэрүүд гаргах нь маш чухал байна. Та нарт зориуд захихад, монголчууд бид бие биедээ илүү их хайр халамж өгч, дэм болж, дэмжиж түшиж ажиллаж амьдрах нь их чухал байна. Муулах, шүүмжлэх, хорон үг хаях маш амархан. Тэр нь муулж байгаа талдаа ч, муулуулж байгаадаа ч ашиггүй. Монголд ашиггүй байдаг учраас тэр шүү дээ. Эндээс би эх орон гэдэг сэдэв рүүгээ орох гэж байна.
Манайх энэ жил МҮОНТВ-ийн мэдээний өмнө бяцхан уриа шторк явуулаад байсныг та бүхэн санаж байгаа байх. “Бид эх орондоо хайртай” гэж Ш.Гүрбазар, Д.Сосорбарам гуай нар шүлэг уншаад, Монголын далбаатай хөх тэнгэрийн үзүүр харагдсан реклам явуулсан. Үүнийг яагаад явуулсан бэ гэхээр, бизнесийн байгууллагын хувьд брэнд нэрээ гаргах зорилго мэдээж байсан. Үүний хажуугаар нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан байгууллагын хувьд хүмүүсийн оюун санаанд өөрчлөлт хийх, сэдэл өгөх тодорхой нэг санааг хүргэх үүднээс тэр рекламыг хийсэн. Эх орондоо хайртай байх гэдэг нь хайртай гэдэг үгийг хайртай хүндээ хэлдэг шиг биш, эх орондоо хэлдэг, эх орон нэгтэндээ хэлдэг, түүнээсээ ичдэггүй байх юм. Сүлд дууллаа бид дуулдаггүй байлаа шүү дээ. Саяхнаас л дуулдаг болж байна. Цээжин дээрээ гараа тавиад бидний сэтгэл зүрхэнд эх орон минь уяатай, шингээстэй байна гэдэг ойлголтыг ичихгүйгээр тодорхой үйлдлүүдээр бие биедээ харуулдаг болгож, нийгэмд нэг үзэгдэл болговол хүмүүсийн дунд маш хурдацтайгаар түгнэ.
Эх орондоо хайртай хүн ямар байх ёстой юм бэ гэдэг талаар яриа өрнүүлье л дээ. Дайн болбол эх орныхоо төлөө бууны өмнүүр орж үхэхэд бэлэн гэж андгайлан тангараглахаас өмнө өдөр тутамдаа, алхам тутамдаа жирийн иргэн бид эх орондоо хайртайгаа харуулж амьдрах хэрэгтэй гэсэн санааг л гаргахыг хүссэн юм. Үүнийг бид өөрсдөө бас харуулах энгийн жишээ үзүүлсэн. Гялгар уутнаас бид хэдэн жилийн дотор салъя. Би бага байхдаа, өөрөөр хэлбэл социализмын үед даавуун, эсвэл савхин уут бариад дэлгүүр явдаг байлаа. Мэдээж үүнийг ганц удаа биш, угаагаад хэрэглээд л байдаг юм. Манайх “Бид эх орондоо хайртай” гэсэн бичигтэй даавуун уут гаргасан. Тэр уутыг хаана үйлдвэрлэсэн бэ? Монголд. Хэн үйлдвэрлэсэн бэ? Монгол хүн. Тэр уутыг худалдаж авахаар хэн орлого олохов? Монголчууд. Бид энэ санаачилгаа илүү цаашаа өргөжүүлсэн. Мэдээж юун түрүүнд “Хас” банкны харилцагчдаа түрүүнд тавьж, зээлдэгчдээрээ уутаа оёулсан. Нөгөө талаасаа нийгмийн хариуцлага гэдгийг тод томруунаар харуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй эмэгтэй ажилладаг цехэд захиалаад оёулсан. Ингэснээр урд хөрш рүү биш монгол хүнд, ажлын байраар хангагдах бололцоо муутай, бидэнтэй адил тэгш боломж эдэлж чадахгүй байгаа эх орон нэгтэндээ тэр мөнгийг шилжүүлсэн. Үүгээрээ манай хамт олон эх орондоо хайртай гэдгээ харуулъя гэдэг л санаа байсан. Энэ бол маш энгийн, бас жижигхэн ажил. Гэхдээ ийм маягаар хүн болгон хийгээд эхэлбэл манай улс орон маш хурдацтай хөгжих боломжтой. Ханш нь савлаад байгаа “ногоон” буюу хатуу валют Монголоос гарах нь багасна. Тэр долларыг олж ирэхийн тулд манай ард түмэн маш олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн. Бид бүгдийн эцэг эхээс ч өмнөх үеийнхэн том том үйлдвэр босгохын тулд, бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш экспортлохын тулд үнэхээр их хөдөлмөр зарсан байгаа. Үндэсний энэ баялгаа бид хайрлах ёстой юм.
Эх орондоо хайртай байна гэдгийг, эх орноо зүрх сэтгэлдээ шингээгээд явж байна гэдгээ энэ анги танхим дотроо найз нөхөдтэйгээ харилцаж байхдаа, тоглож байхдаа хүртэл, товчхон хэлбэл үйлдэл бүрээрээ харуулах хэрэгтэй. Жишээлбэл, гудамжаар явж байхад чинь нэг хүүхэд чихрийн цаас хаячихвал хаясан цаасыг нь аваад “Найз аа, битгий ингэж хаяарай. Энэ бол бидний амьдардаг орчин, манай хот, бидний эх орон шүү дээ” гээд хэлээд үз. Анзаараарай, тэр хүүхэд ичнэ, дараагийн удаа тэгж хаях гэснээ чиний үгийг санаад халааслаад явна. Ийм жижигхэн үйлдлээр бид өөрсдөө эх орныхоо жинхэнэ эзэд нь гэдгээ харуулна.
Зарим үед би үглээ чавганц шиг явдаг л даа. Илт бүдүүлэг буруу юм хийж байвал засаад хэлчих хэрэгтэй гэж би боддог. Гэр бүлтэйгээ хамт Туулын эрэг дээр очиж амраагүй гэр бүл манай хотод бараг үгүй байх. Идэж уугаад буцахдаа хогоо газраар нэг тарааж орхиод, мах шарсан гал дээрээ архины шил, ууттай хогоо хийгээд явах нь жирийн л үзэгдэл. Гэтэл энэ бол хэнээс ч тусламж гуйхгүйгээр дор бүрнээ засч залруулчих боломжтой наад захын үзэгдэл. Ингэж чадвал хожим та нар гэр бүлээрээ амарч очоод хүүхэд чинь тоглоход газраас ялзарсан гялгар уут гарч ирэхгүй л гэсэн үг биз дээ. Ямар сайхан байгалийг өвөг дээдэс маань бидэнд өвлүүлж үлдээгээ вэ. Үүнийг зүгээр авч өгөөгүй. Газрын зураг дээрээс Монголыг хүн болгон хараад таньж байна. Монгол гэдэг тусгаар улсыг бидэнд үлдээхийн төлөө, хавтгай сантиметр бүрийнх нь төлөө бидний өвөг дээдэс, өвөө эмээ, аав ээж зүрх сэтгэлээ, цусаа урсгаж, амиараа хамгаалсан. Үүнийг бид хайрлах ёстой. Түй! гээд нулимахдаа бид үүнийг бодож байх учиртай. Дээр нь гишгэх бүртээ хүртэл болгоомжлох юмсан. Ийм бодолтой хүмүүс анги бүрээс, сургууль бүрээс гарч ирээсэй.
Монгол хүүхдүүд, бидний ирээдүй хойч хангалуун сайхан амьдрах ёстой. Хүн бүр дор дороо хуримтлалтай болох ёстой. Хуримтлалтай болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд өндөр боловсролтой болох шаардлагатай. Хүүхэд залуу үе маань ийм тэмүүлэлтэй болоосой гэдэг зорилгоор бид “Ирээдүйн саятан” гэдэг хүүхдийн хадгаламжийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Үгийг нь бодоод үзээрэй. Саятан гэдэг үг англи хэлээр millionnaire буюу сая доллартай хүн гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа ирээдүйгээ рүү тэмүүлж, сайн иргэн болж төлөвшөөд, чанартай боловсрол эзэмшиж, тогтвортой гэр бүлийг байгуулаад явахын тулд хүүхдэд өнөөдрөөс хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм байна, хуримтлалтай болж байх шаардлагатай юм байна гэсэн сэтгэлгээ төлөвшиж чадсан. Бидний энэ санаачилгыг дагаад банкууд хүүхдийн ирээдүйд хандсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, нийгэмд энэ үзэл бодлыг төлөвшүүлж чадсан.
Дуулиан 2020 гэж та бүхэн сонссон байх. 2020 он гэхэд бахархах, дэмжиж балиашиглах өөрийн гэсэн хөл бөмбөгийн багтай болъё гэсэн тэмүүлэл. Авъяасыг хичээл чармайлтаар хөгжүүлж, хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрдэг. Өнөөдөр өсч өндийж байгаа багачуудад бололцоог нь олгоод заал талбай, заах багшийг нь бэлтгэж өгөөд хэдэн жил хичээллэхэд монголчууд багийн энэ спортоор амжилтанд хүрч яагаад болохгүй гэж. 2020 он гэхэд дэлхийд шуугиан дуулиан тарья л гэсэн санаа. Тэр үед хаанаас ч юм чадварлаг залуухан баг гарч ирээд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдье. Тийм боломж бий гэдэгт итгэж байна. Олимпийн аварга төрөхөд бид яаж нэгдэж, яаж бахархаж байсан билээ. Нэг үндэстэн нэг л шөнө нэгдэж, туг далбаагаа хийсгээд талбай дээрээ төрийн дууллаа дуулцгаасан. Гудамжинд том дэлгэцүүд тавьж, бөөнөөрөө сэтгэл догдлон үзэж, зарим хүн маргааш нь Бээжинд очиж багаа дэмжин уухай хашгирч байсан. Тэр олон зуун сая хятадуудын дотор монгол хүний нэрийг дуудан уухайлж байсан нь Монголд олимп болж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байсан. Ийм бахдам амжилтууд манай үндэстнийг нягтруулж, Монгол гэдэг нэг гэрийн дээвэр дор нэгтгэх чадалтайг харууллаа. Энэ мэт мөрөөдлийн төлөө зөвхөн спортоор биш ажиллаж байгаа салбартаа, эзэмшиж сурсан мэдлэгээрээ хүн бүр дор дороо зорилт гаргаад, түүнийхээ төлөө уйгагүй явбал монгол хүн хаана ч, ямар ч амжилт гаргаж чадна гэсэн итгэл үнэмшлийг нийгэмд өдөөж өгөхийн төлөө бид гурван жилийн өмнөөс мөрөөдөөд “Дуулиан-2020” тэмцээнийг санаачилж байсан. Тэр амжилтыг гаргаснаараа эх орондоо хайртайгаа харуулж байгаа хэрэг юм. Эх орноо хайрлаж байна гээд заавал цус урсгах хэрэггүй. Бид арай өөр цаг үед амьдарч байна. Өнөөдөр бол хувийнхаа амжилтыг ингэж баталгаажуулж чадвал жинхэнэ эх оронч иргэн гэж үнэлэгдэнэ.
Би зөв цагт, зөв газар явж байдаг увдистай байсан юм шиг заримдаа санагддаг. Аз гэж байдаг. Аз нэг л өдөр мөрийг чинь алгаддаг. Ийм мөч хүн болгонд тохиолддог. Гагцхүү түүнийг угтан авахад өөрийгөө бэлтгэчихсэн байх нь чиний хариуцлага. Хэлтэй болчихсон, сургуулийн үнэмлэх дипломоо авчихсан, бас хүмүүст өөрийгөө таниулж ойлгуулах чадвартай болчихсон байх жишээтэй. Би өөр ямар нэг ажил хийж байсан бол мөн л тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай байх байсан гэж боддог. Би олон ажил хийж үзсэн. Оюутан байхдаа ресторанд ажиллаж байлаа. Хэн ч намайг цахилгаан зуух цэвэрлэ гэж хэлээгүй байхад өглөө болтол зүлгээд зогсох жишээтэй. Сэтгэлээсээ хандаж хийсэн ажлаасаа хүн сэтгэл ханамж авч, амжилтанд хүрэх бололцоотой. Бас нэг гол зарчим маань ажил хийвэл дуустал, дуусгахдаа чанартай байлгая гэсэн бодол. Азын хүчин зүйл мэдээж байна. Гэхдээ аз дайраад алт дээрээс гоожоод ирнэ гэж хүлээх биш, тэр азыг өөрөө хайгаад явж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөв газраа зөв цагт нь байж сурах хэрэгтэй. Хүн болгон олимпийн аварга, эсвэл алдартай од болох албагүй. Харин хүн болгон дор бүрнээ хийж байгаа ажилдаа, орчин тойрондоо, гэр бүл, хань, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа биелүүлж чадвал бүгд аз жаргалтай байна. Мөч болгон амьдралд үнэтэй. Өнөөдөр гэдэг өдрөө, яг одоо, энэ мөчийг хайрлаж бай. Өнөөдөр би юу бүтээв, хэнд юм өгөв, өөртөө юу сурав.
Эрдэм боловсрол бол хамгийн том баялаг. Мөнгийг алдчихаж болно. Тархиндаа хийгээд авчихсан сэтгэл мэдрэмж, боловсрол мэдлэгээрээ бүхнийг тэгээс эхэлсэн ч баялаг бүтээж чадна. Тийм учраас сургууль, багш, боловсролын тогтолцоо бол бидэнд үйлчилж байгаа хамгийн чухал хэсэг, нийгмийг урагш хөдөлгөх хамгийн том баялаг бүтээж байгаа салбар. Тэр эрдэм боловсролыг сурах насан дээрээ, сурах бололцоогоор хангагдаж байгаа дээрээ олзуурхан аль болох өөрийгөө 100 хувь дайчлан та нарын өмнө бүтээчихсэн байгаа мэдлэгийг чадах чинээгээрээ шингээж ав.
Миний эх орон ийм л байгаасай гэсэн хүсэл, төсөөлөл хүн бүхэнд бий. Эх орноороо бахархаж омогших юм ч зөндөө бий. Хүн эх орныхоо маш олон зүйлээр бахархаж болно. Би бол түүхээрээ, ард түмнээрээ хамгийн их бахархдаг. Хаана ч давтагддаггүй цаг агаар, тогтоц гэх мэтээрээ өвөрмөц газар нутгаараа бахархдаг. Олимпийн аваргуудаараа бахархаж байна. Тэрбум хүнтэй энэтхэгчүүд анхныхаа алтан медалийг бидэнтэй зэрэгцэн авлаа шүү дээ. Харьцуулаад үзээрэй, Монголд ямар их авъяас байна вэ. Гэхдээ бид 3-ыг, тэд ганцыг. Энэ бол бидний хайрлах, хүндлэх учиртай бахархал. Бие биенээ хайрлаж, дэм өгч байх их чухал байна. Бидэнд хааяа тэр дутагдаад байдаг. Ааваараа, хүүхдүүдээрээ бас бахархдаг. Болохгүй бүтэхгүй юм мэдээж байна л даа. Үүнийг шилжилтийн үеийн түр зуурынх, бид өөрсдөө засч залруулчихаж болно гэж харах дуртай. Өнөөдрийн ийм бэрхшээлд замын түгжрэл, хотын утаа, жаажигнаад байгаа байшингууд гэх мэтчилэн нэрлэж болно. Эднийг бид удахгүй шийдчихэж чадах байх. Хамгийн чухал нь ирээдүйгээ гэсэн сэтгэл, итгэл, бие биенээ дэмжиж түших ухамсар юм. Миний ярианаас нэг ч гэсэн үгийг өөртөө шингээж аваад амьдралдаа хэрэг тус болгож байвал би бас урамшиж, итгэл зориг авах юм.
Монгол хүн бүр инээд баяслаар дүүрэн, өндөр боловсролтой, наад зах нь хоёр гурван гадаад хэлээр нэмж ярьдаг, хүмүүс Монголд сурах гэж ирдэг... Монгол орон ийм байгаасай гэж би хүсдэг. Яагаад бүх хүн Америкт очиж сурах ёстой гэж. Хархориндоо ч юм уу, Богд уулынхаа цаана ч юм уу нэг сайхан цогцолбор сургууль бариад, америк багш нарыг Монголдоо авчраад дэлхийн жишигт нийцсэн сургалт явуулъя. Арван жилийн дараа монгол багш нар гарч ирээд америк, энэтхэг, орос, хятадуудад боловсрол олгоно. Энд газар нь байна, агаар ус байна, анхаарал төвлөрүүлээд сурах боломж бүрэн бүрдүүлж болж байна. Эсвэл эмчилгээний том төвтэй болчихъё. Хөдөөгийн байгаль, цаг уур, цагаан идээ, уламжлалт арга ухаанаа ашиглаад хүн эмчилдэг дэлхийн том больницыг энд байгуулчихъя. Тэгвэл аялал жуулчлалаас лав хэд дахин илүү валют авчирна. Явцдаа үнэ өртгөө нэмэгдүүлэх, сонирхолтой, илүү их мөнгө оруулж ирэх салбаруудыг сонгоё л доо. Яагаад болохгүй гэж. Бүгдээрээ банкир битгий болоорой. Сайн багш, эмч, хуульч, инженерүүд хэрэгтэй байна. Энэ бол жинхэнэ мэргэжлүүд. Би өөрийгөө мэргэжилтэй гэж боддоггүй. Хүн болгон мөнгөтэй харьцдаг. Худалдаа хийнэ, цалин авна, бас цалин төлнө, тиймээс хүн болгон эдийн засагч байх шаардлагатай. Манайх уул уурхайгаас улс нэлээд доллар олох төлөвтэй байна. Нэг сургуулиас 10 инженер төрчихвөл манайхан гадны мэргэжилтнүүдэд 20 мянган доллар төлж байхаар та нартаа тав таван мянгыг өгч цалинжуулна. Гадныханд төлдгөөс дөрөв дахин бага, харин монголчуудад бол гайхамшигтай цалин. Үүний дээр Монголын баялгийг гадагш цацчихгүй, та нарт, дотоодын иргэндээ мөнгөө өгнө, иргэн маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ.
Үүний төлөө хүн нэг бүрээс хүсэх нэг юм байна. Дэлгүүрт ороод болж өгвөл, бас байвал “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой юм авахыг л бодоорой. Уншсан, сонссон нь цаашаа тав таван хүнд дамжуулаад хөдөлгөөн болгочихвол валют гадагшаа гараад, ханш нь өсөөд, амьдралыг минь хэцүү болгоод байгаа нэг том даваагаа бид дарж авна. Зэсийн үнэ уначихаар гаднаас орж ирдэг валют багасч, ханш нь өсчихөөр гаднаас оруулж ирдэг нефть маань улам үнэтэй болоод байна. Тэгэхээр хүн бүр, 2.5 сая хүн бүгд дотоодын орлуулагч бүтээгдэхүүнээр гадаадаас авдгаа орлуулчихвал манай үйлдвэрлэл хөгжөөд, манайд ажил олголт нэмэгдээд, ажлын байр бий болоод, төсөвт төлдөг мөнгө, бидний дунд эргэлддэг мөнгө нэмэгдэнэ. Ингэвэл мэдээж сурч байгаа сургууль маань, амьдарч байгаа орчин маань илүү тохилог, илүү чанартай, илүү баталгаатай болох гинжин холбоос байгаа. Энэ бүхнийг нэг л цэгээс эхлүүлж болно. Тавхан хүнд л ингэж хэл. Дэлгүүрт ороод адилхан хоёр крем, эсвэл консерв байвал “Үүнийг Монголд үйлдвэрлэсэн юм байна, Монголынхыг нь л авъя” гэж чанга дуугаар хэл. Та бүхэнд амжилт хүсье.
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 93-р дунд сургуулийн сурагчдад энэхүү лекцийг уншив.
хайр бол тэвчээртэй, бүгдэд найддаг, бүгдийг далдалдаг, бүгдэд найддаг, буруутай тооцоо хийдэггүй. харин ийм хайр Монголд алга. Бид бие биенээ, багш нь шавиа, шавь нь багшаа, дарга нь ажилчнаа, ажилчин нь даргаа, аав нь хүүгээ, хүү нь аавыгаа, эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, хурандаа цэргээ, цэрэг даргаа буруутгаж байна. ийм газарт юу болох нь тодорхой. дэлбэрнэ шүү дээ. Харин Христ биднийг өөрчилнө. Түүнд аврал бий. Түүний хайраар Монгол өөрчлөгдөнө. Өөр жор харагдахгүй байгаа. Танд амжилт.
ReplyDeleteЭртний Хятадын мэргэн ухааны гайхамшиг эх булаг өдгөө ч хүн төрлөхтөний оюун билгийн сан хөмрөгт чухал нандин хэвээр... Аливааг хуулиар засан тохинуулж болно буюу "Ёсоор дагуулахуй" ёсыг бид Күнз мэргэний олон сургаалиас олж мэдэж болно. Ёсоор дагуулагсад чинад сайн сургаалийг боловсруулж, номлолыг сахиулаад, шавь нар нь тэр лугаа замыг дагаж, ёсноос үл гажин явсаан сайны үйлд хүрдэг аж. Тиймээс бидний хэдэн Монголчууд хууль ёсоо чанад дээдлэн, төр нь ч алив засгийг тохинуулахдаа мэргэн гэгээн байх болтугай. Хуулинд ан цав бүү байгаасай. Басхүү нийтийн дунд ёс суртахууны хэм хэмжээ өндөр байж, түүнийг бишрэн дагагсадын тоо арвин байгаасай...
ReplyDelete2 дахь нь үйлээр дагуулах ёсон... Үүнийг бидэн Даосизмын сургаалиас гүнээ таньж болох мэт. Үгчлэн сургалгүйгээр өөрсдөө үлгэр дууриал болж, хойч үеээ сайны замд залах ёсонг ийн нэрлэсүй...
Ямар томчууд байна тийм хүүхдүүд тэдний л нэг хувилбар болж хүмүүжнэ. Эцэг эх нь гэр бүлдээ эвтэ байж, биесийг хүндлэн, эцэг шиг эцэг, эх шиг эх байж чадаж байгаа билүү. Гудамжинд томчууд хүүхдийн хажууд хараал хэрүүл хийхээ тэвчиж хүлцдэг билүү. Бид хойч үеээ "ёстой" гэдэг хоосон үгээр л нүдээд байгаа болохоос бус "ёсоор" бас "үйлээр" дагуулж чадаж байгаа билүү. эрхэм Ч.Ганхуяг /ах/ таньд талархъя. Залуу үе тань шиг хүнийг хараад "Энэ ах шиг л хүн болохсон" гэж битүү мөрөөдөлд автан байгаа ч юм билүү. Тийм гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ чинь л чухам үйл байдлаараа дагуулах юм. Бид "Өөрсдөө сайн" явж байж, дараа үеээ сайн төлөвшүүлнэ. Миний Монгол мөнх оршоосой.
Урам хайрласан та хоёрт баярлалаа.
ReplyDeleteZorig sangiin YLP hutulburiin hureend 11 sard Khaan bank nii zahiral Peter Morrou tai uulzah zavshaan oldsiin ter ued neg iim asuult asuusiin ta yaj ene undur amjiltand hurev ee? gehed LUCKY gej helsiim da. tegeed tailbarlahdaa yag Tani shig Az hund irdeg harin ta tuuniig irhed n huleej avahdaa uuriiguu beldsen bh heregtei gej bilee.
ReplyDeleteene ug yagaad ch yum be neg l honogshood uldchihej zaluus bid uursdiin zorison zorilgiin tuluu tuushtai zutgej hiih yostoi ajilaa setgeleesee hamgiin sainaar hiih tusam az bidniig dagah bolno.
Ih saihan bichleg bna TNX. Daraagiin bichlegiig huleej baiya
the secrets to success in country or in life aren't secrets at all. They are principles, values and strategies that most of us already know, recited from our parents and grandparents. But because of that, we overlook them.
ReplyDeleteThe geniuses of the world have the ability to look at what is, and see how to make it better...simply
Maybe we should stop looking for complicated solutions to problems and hit the short-cut road to success by learning to follow the simple steps.
Huyagaa, molodec ! good luck in your endeavors :)
ReplyDeleteyour old friends :)